Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээллийг сонсож, цаашид хийхээр төлөвлөгөөний талаар хэлэлцсэн.
Өнгөрсөн дөрвөн жилийн ажлын үр дүнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэн бол 2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь.
Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ.
Хурлын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотод урсаж байгаа голын ай сав, хууль тогтоомжоор хамгаалагдсан атал яагаад мөрдөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн удирдлага үүнд анхаарал хандуулах ёстой.
Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг сонслоо. Хурлаас тэмдэглэл гаргаж, нийслэлийн Засаг даргад танилцуулах үүргийг Ажлын албанд даалгаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ