Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил 38,000 гаруй сурагч төгсөх гэж байна. Эдгээр сурагчийг танхимын давтлагад хамруулах бэлтгэл ажлыг хийхээр болжээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанд гурван асуудлыг оруулж, тодорхой чиглэл авлаа.
Улсын хэмжээнд 12 дугаар ангийг төгсөж буй сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэх боломжоор хангахаар боллоо. Энэ жил 38,000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа. Орон нутагт танхимын сургалтыг нээсэн тул орон нутгийн сурагчид хичээлээ үзэхийн хамт давтлагадаа хамрагдаж байгаа. Харин нийслэлийн сурагчдад хүндрэл үүсэж байгаа учраас шалгалт өгөх хичээлийнхээ дагуу сургууль дээрээ очиж давтлагад хамрагдах боломжтой болгож байна. Гэхдээ энэ нь тодорхой нөхцөлтэй байна. Тухайлбал сургуулийн ариутгал халдваргүйтгэл хийсэн байдал, COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтад багш нар нь хамрагдсан эсэх, сургуулийн ойр орчим халдварын эрсдэлийн нөхцөл зэргийг харгалзан энэ жил төгсөж буй хүүхдүүдээ давтлага өгнө.
МСҮТ болон их, дээд сургууль төгсөж буй оюутнуудыг дипломын өмнөх дадлагаа хийх боломжийг олгохоор болсон.
Жил бүр гадаадын их, дээд сургуульд суралцахаар 10,000 гаруй хүүхэд хэлний шалгалт өгдөг. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримталж буй хэлний шалгалтын төвүүдэд шалгалт авах боломжийг олголоо” гэв.