2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар үргэлжилж байна.
ЭЕШ-ын талаар Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эхэлсэн бол дөрөвдүгээр сарын 20-нд дуусна. Одоогоор 17800 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь энэ жил төгсөж байгаа сурагчдын тоог баримжаалаад үзвэл үндсэндээ 50 хувьтай явж байна. Бусад элсэгчид үлдсэн нэг сарын хугацаанд бүртгүүлэх боломжтой юм.
Мөн энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалтын хувьд шалгалтын сэдэв даалгавар боловсруулах агуулгын хувьд ч том өөрчлөлт орсон. Тухайлбал, энэ жил төгсөх 12 дугаар ангийн сурагчид өмнө жил хагас жил танхимаар, хагас жил цахимаар хичээллэсэн. Харин энэ жил нэг улирал танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж байна. Үүнээс шалтгаалан сэдэв даалгаврыг өөрчлөн сонгох нөхцөл байдал үүслээ.
Бид энэ жилийн даалгаврыг боловсруулахдаа 12 дугаар ангийн сурагчдын танхимаар судалсан болон 9,10,11 дүгээр ангид үзсэн агуулгад тулгуурласан.
ЭЕШ-ын босго оноог өнгөрсөн жил БШУ-ы сайдын тушаалаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 480, хувийн хэвшлийн 420, хөдөө орон нутгийн бүх их, дээд сургууль 400 оноогоор тогтоосон. Энэхүү тушаал энэ жил дахин хэрэгжих эсэхийг БШУЯ шийдвэрлэх юм” гэлээ.
Б.Эрдэнэ