Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглэж, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийллээ. Мөн цаашдын 30 жилд нийслэлд тулгамдаад буй хөгжлийн томоохон сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахыг хүссэн юм.
Мөн уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны 2021-2024 онд Монгол Улстай хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих боломжит төслүүдийн талаар санал солилцов. Тодруулбал, Улаанбаатар хотын хувьд нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар замын түгжрэлийг бууруулах, нийгмийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тухай дурдлаа.
Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжиж буйгаа илэрхийлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдал, эдийн засгийн бие даасан байдал болон засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс