Цэцийн гишүүн Ш.Цогт, Ц.Нанзаддорж нар “. . . Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэсэн шийдвэрийг Цэц гаргасан мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараасан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс албан мэдээ гаргаж Цэцийн шийдвэр эцэслэн гараагүйг баталсан.
Өөрөөр хэлбэл Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар албажаагүй мэдээллийг олон нийтэд тараасан ёс зүйгүй үйлдэлд холбогдоод байгаа юм. Энэ үйл явдалтай зэрэгцээд Дээд шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж байгаа Ш.Цогтоогийн орны хүнийг сонгож, УИХ-ийн Хуууль зүйн байнгын хороогоор Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөх нар Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөхийг эсэргүүцлээ. Тэд Ш.Цогтоог “ … Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй” гэсэн шийдвэр гаргасных нь төлөө үүнийг баталгаажуулж албажуулахаас өмнө Цэцийн гишүүнээс нь яаран сандран чөлөөлж шийдвэрийг хүчингүй болгох гэж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн хуульч Эрдэнэцогт, “Цэцийн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанд саналаа өгөлгүй гарч явсан Цэцийн гишүүн Д.Одбаяр үүргээ биелүүлж, олонхи болсон Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын гаргасан шийдвэрийг албажуулж гарын үсэг зурах ёстой” хэмээн буруутгалаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Лу. Болд, С.Ламбаа нарын ярьж буйгаар, УИХ Цэцийн “шийдвэр эцэслэн гараагүй үед Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөх гэж байгаа нь улстөржсөн шийдвэр гэлээ.
Ямартай ч Ерөнхийлөгчийн тамгын газрынхны хийсэн энэхүү мэдээлэлтэй холбогдуулан бусад хуульчид эсрэг байр суурь илэрхийлж байна. Тэд Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж байгаа Ш.Цогтоог УИХ хуулийн дагуу чөлөөлөх гэж буйг эсэргүүцэж буй нь өөрөө улстөр хэмээн үзэж байна