Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалахаар болжээ. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор ийнхүү хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар, Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа. Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200 дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөжээ.
Жилийн инфляц 2021 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.0 хувьтай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байна. Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах хүлээлттэй байгаа хэдий ч вирусын тархалт, вакцинжуулалттай холбоотой өөрчлөгдөж болзошгүй байна.
Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж, ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна. 2021 оны эхний 2 сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар 1, 2 дугаар саруудад 66 хувь болон 37 хувиар тус тус өслөө. Түүнчлэн, олон улсын зээлжих зэрэглэлийн Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулахад Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаат гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлсөн байна.
Монголбанк