Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтын үнийг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, холбогдох судалгааг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Р.Очбадрахаар ахлуулсан уг Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал өчигдөр болсон.
Ажлын хэсгийн хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцлоод төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгаа, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцлоо.
Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.
Эх сурвалж: УУХҮЯ