УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Оюу толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Оюу толгой ХХК”-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад УУХҮЯ-ны зүгээс байнгын дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийлээд тахлын үед компанийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Оюу толгойн уурхайд коронавирусний 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоож, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж 200 гаруй баяжмал тээврийн жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байна.
Мөн Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогд зэрэг 5 газарт PCR шинжилгээний төвийг байгуулж уурхайн ажилчдын ээлжийг 7/14 байсныг 14/28 болгон өөрчилсөн. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгааг хэллээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа асуудлаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй холбогдож нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд Хятадын тал Оюу толгойд бүртгэгдсэн тохиолдолтой холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулаад байгаа цаашид Оюу толгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвэнд нь оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ хэмээн тайлбарласан.
Уулзалтын төгсгөлд Оюу толгой компанийн зүгээс ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, бүх ажилчдаа вакцинжуулах, ээлж солих болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны нөөцийн тодотголын тайлантай холбогдуулан гаргасан Зөвлөмжид шуурхай хариулт өгөхөд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Эх сурвалж: УУХҮЯ