Ноход байгаль орчинд сөрөг нөлөөтэй амьтан. Учир нь тэд мах маш ихээр хэрэглэдэг хэмээн L’Express хэвлэлд бичжээ.
Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Грегори Окин АНУ-д байгаль орчинд нөлөөлдөг хүчин зүйлсийн 25-30% нь 160 сая нохой, муурыг тэжээхээр бэлтгэдэг махтай холбоотой гэж мэдээгджээ. Эрдэмтний тооцоолсноор бол амьтад 64 сая тонн СО2 ялгаруулдаг байна. Энэ нь жил бүр 13 сая машинаас гарах утаатай тэнцэх хэмжээ юм.
Тэгвэл Маастрихтын их сургуулийн профессор Пим Мартенс гэрийн тэжээвэр амьтны нүүрсхүчлийн хийн хэмжээ хаана амьдарч байгаагаас нь шалтгаалдаг гэсэн байна.
“Дундаж нохой амьдралынхаа туршид 4,2-17 тонн СО2 ялгаруулж байдаг. Хэрэв Нидерландад амьдардаг нохой бол 3,7-19,1 тонн, Хятад, Японд бол 1,5-9,9 тонн” хэмээн Мартенс тэмдэглэжээ.
Харин Иллинойсын их сургуулийн амьтны хоол тэжээл судлаач мэргэжилтэн Келли Суонсон энэ тоог хэтрүүлэгтэй гэж үзжээ. Тэрбээр ихэнх нохой муур хүнсний үйлдвэрлэлийн дайвраар хийсэн тэжээлээр хооллодгийг сануулсан аж. Ерөнхийдөө шинжээчид байгаль орчиндоо сөргөөр нөлөөлөхгүйн тулд амьтдыг хэт их хооллохгүй байхыг уриалж байгаа аж.
Эх сурвалж: Gazeta.ru
Орчуулагч: Марта