Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажлыг хийж байна.
Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч буй юм.
Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилогдсон найман эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх багаар дамжуулж ӨЭМТ-ийн эмч нарт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх, өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.
Мөн ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндэд цахимаар хяналт тавьж өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд өвчтөний түүх нээх, өдрийн эмчилгээнд хамруулах, эмийн жор бичих ажлыг зохион байгуулах бөгөөд сэтгэл судлал үндсэн мэргэжлээр суралцаж буй эмч нар өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн ӨЭМТ-д хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулах зэрэг арга хэмжээг авах юм.
Нийслэлийн онцгой комисс