ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв, БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” сэдэвт цахим зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэх”, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “нисэх буудлыг түшиглэсэн олон улсын худалдааны төв байгуулж, худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлж, нэгдмэл зохион байгуулалтад оруулах зорилготой.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цахим зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “Жуулчинд ээлтэй нисэх буудал” байхын тулд зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд маш олон ажлыг санаачлан хийх шаардлагатай бөгөөд зорчигч урсгалын технологийг сайжруулан, терминалын зохион байгуулалтыг зардал багатай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх замаар зохион байгуулж хэрэглэгчийнхээ ханамжид нийцүүлэх хэрэгтэйг дурдаад нисэх буудлын орлого олох шинэ боломжуудыг сайтар судлан инноваци, технологийн дэвшлийг ашиглан нисэх буудлын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулан тэдгээрийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж ажиллах нь нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчид болон аялал жуулчлалын салбаруудын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэлээ.
ЗТХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, ИНЕГ, ИНҮТ, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрууд, нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцож буй цахим зөвлөгөөнийг ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар удирдан явуулсан.
Олон улсын Нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал Луис Фелипе де Оливейра зөвлөгөөнд амжилт хүсч, ирүүлсэн мэндчилгээндээ, дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хямралыг амжилттай даван туулж, маргаашийн ирээдүйд бэлэн байхын тулд бид зорчигч төвтэй нисэх буудал байж, зорчигчдын аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах зайлшгүй шаардлага тулгараад буйг онцоллоо.
Үндэсний хөгжлийн газрын БОНХБТХ-ийн дарга Д.Эрдэнэбаяр бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар тавьсан илтгэлдээ, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлыг зорчигч тээврийн гол төв, харин Чойрын Баян талд байгуулах нисэх буудлыг ачаа тээврийн гол төв болгон хөгжүүлэх боломжтой, эдийн засгийн чадамжаар тооцсон макро 6, микро 83 бүсчлэлийг түүх, соёлын бүсчлэлтэй нягт уялдуулж байж аялал жуулчлал амжилттай хөгжинө гэж үзэж байгаагаа дурдлаа.
Аялал жуулчлалын хөнжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ 2021 онд орон нутгийн нисэх буудлуудтай хамтарч ажиллах төлөвлөгөөнийхөө талаар танилцууллаа. 7 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж буй Олон улсын шинэ нисэх онгоцны буудалд “Жуулчны мэдээллийн төв байгуулж байгаа. Цаашид орон нутгийн нисэх буудлуудад жуулчны мэдээллийн төвийг байгуулах бөгөөд энэ чиглэлээр нисэх буудлуудтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.
ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ, иргэний нисэхийн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын төлөвлөлт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Зөвлөгөөнд мөн “МИАТ”, “Хүннү эйрлайнс”, “АэроМонголиа”, “Геосан” зэрэг агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Тус зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээвэрлэгч компаниудыг оролцуулсан зөвлөл”-өөр уламжлуулан Засгийн газарт хүргүүлэх болно.
Эх сурвалж: ИНЕГ