Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Чингис хаан” одон гардуулж байна.
Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаанд суралцсан. Улмаар 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар цолоор шагнаж байв.
Ташрамд дурдахад, 2005 оноос хойш “Чингис хаан” одон гардуулж эхэлснээс хойш нийт 12 эрхэм хүртээд байна. Уг шагналыг Чингис хааны мэндэлсэн өдрөөр олгодог уламжлалтай ч цар тахлын нөхцөл байдлын улмаас олгохыг хойшлуулаад байсан билээ.
Л.Баяр