Олон Улсын чанар стандартын шаардлагад нийцээгүй голын бохир хайргаар нийслэлийн орон сууцны барилгуудыг барьж, нийгэм эдийн засагт аюул учруулж байгаа учраас стандарт мөрдүүлэх шаардлагатай байгаа тухай асуудлаар Монголын зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан байна.
Уг албан бичигт ” MNS 6713-2018 стандартыг сонгон хэрэглүүлэх, стандартын жагсаалтад оруулах тухай
Монгол Улсын авто зам, барилга барилгын материалын үйлдвэрлэлүүдийн асфальт бетон болон бетон зуурмагт дүүргэгч материалаар ордог цахиурын элс болон уулын дайрганы физик, механик химийн стандартыг Монгол Улсын Их Сургуулийн химич, хими технологийн инженер багш нар Олон Улсын стандартад нийцүүлэн боловсруулж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд 2017 оны 3-р сард Албан тоотоор танилцуулсан билээ.
Үүний дагуу Стандарт, хэмжил зүйн дарга Г.Гантөмөрт 2017 оны 04 сарын 06-ны өдрийн ЗГ-2/113 тоот албан бичгээр тус стандартыг баталж, мөрдөж ажиллах талаар таны зүгээс албан тоот хүргүүлсэн байна.
Стандартчилалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолоор MNS 6713-2018 элс дайрганы химийн стандарт батлагдаж, түүнээс хойш Зам Тээврийн яам, БХБЯ, МХЕГ зэрэг байгууллагууд дагаж мөрдөөгүйгээс Туул голын ай сав газарт, стандартын бус элс, хайрга дайрга хууль бусаар их хэмжээгээр олборлож, Олон Улсын чанар стандартын шаардлагад нийцээгүй голын бохир хайргаар нийслэлийн орон сууцны хорооллын барилгуудыг барьсаар байна.
Барьсан барилгууд нь 10-15 жилийн дотор ан цав үүсч, хагарал, цуурал, гэмтлүүд гарч, барилга байшингийн потваль, суурийн хэсгүүд дулааны улиралд борооны усанд автагдаж, тухайн барилгуудын насжилт эрс богиносож, газар хөдлөлтийн наад захын 2-3 баллын чичирхийлэлд их хэмжээний эрсдэл учрахаар байгааг Засгийн газрын гишүүд анхаарч, барилга байшингийн чанар стандартын гол шаардлага, үзүүлэлтүүдийг ханган биелүүлдэг цемент, элс, дайрганы Олон Улсын стандартыг яаралтай мөрдөн ажиллахыг холбогдох байгууллагуудад даалган өгч, MNS 6713-2018 стандартыг нэн яаралтай мөрдөн ажиллахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, сонгон хэрэглэх стандартуудын жагсаалтанд оруулах шийдвэр гаргаж өгнө үү.
- ЗБМХИХолбооны багш нарын боловсруулсан MNS 6713-2018 стандарт,
- ХБНГУ-ын элсний химийн найрлагын ISO 12620-13139 стандарт, орчуулгын хамт,
- ОХУ-ын элс, дайрганы химийн найрлагын ГОСТ 8736-93 стандарт,
- Дээрх стандартуудыг мөрдөж ажиллаагүйн улмаас эвдэрч, хэмхэрч байгаа барилгуудын фото зургийг CD –ээр хүргүүлэв.
- 2017 оны 04 сарын 06-ны өдрийн ЗГ-2/113 тоот албан бичгийн хуулбар
- 2018 оны 04 сарын 26-ны өдрийн Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 06 тоот тогтоолыг тус тус хүргүүлэв.
МОНГОЛЫН ЗАМ, БАРИЛГЫН МАТЕРИАЛУУДЫН ХИМИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО: УЗ-ИЙН ДАРГА Ж.БАЯРАА
E-mail: tsendbat85@gmail.com, Утас: 99110960″ гэжээ.