Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж сүүлийн хэдэн арван жилд байгаагүй томоохон халдлагад өртөж байна. Хэт ихээр үржсэн хулганууд энэ жил ургац сайн байгаа цагийг ашиглан, энэ мужид халджээ.
Фермерүүд хулганууд ургацыг нь идэж, орон гэрт нь үүрлэж эхэлсэн хэмээн гомдоллох болсон байна. Мэрэгчид орон дээгүүр нь гүйлдэж, хувцасны шүүгээ рүү нь орж, улмаар агуулахыг нь хүртэл нүхэлж эхэлжээ.
Гилгандра хотын нэгэн тариаланч “Шөнө болохоор бараг газар хөдөлгөөнд орох шиг болж, эргэн тойронд хэдэн мянган хулганууд гүйлдэж эхэлдэг” гэжээ.
Тэр ч байтугай хулганууд эмнэлгүүд рүү дайрч эхэлсэн байна. Гурван өвчтөн хулганад хазуулсан гэжээ. Түүнчлэн супермаркетуудын хүнсний хэсгийнхэн хулганы хурц соёоноос хүнсээ хамгаалахын тулд хуванцар саванд юмаа хадгалж эхэлсэн аж. Энэ жил фермерүүд хулганаас болоод асар их ургац алдах төлөвтэй байгаа гэжээ.
Нэг хос хулгана нэг улиралд дунджаар 500 үр төл үлдээдэг юм байна. Энэ амьтныг хордуулах нь үр дүн багатай байдаг учир нутгийн иргэд борооны усанд нүх нь живж үхнэ гэж найдлага тавьж байгаа юм.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март