Гүржид пүрэв гарагт AstraZeneca-гийн коронавирусийн вакцины хийлгэснийхээ дараа комд орсон сувилагч Мэги Бакрадзе баасан гарагт амьсгал хураажээ. Түүний цогцсонд задлан шинжилгээ хийж байгаа гэнэ.
Гүржийн хэвлэлүүдээр пүрэв гарагт Ахалцих эмнэлгийн сувилагч 27 настай бүсгүй AstraZeneca-гийн вакцин хийлгэсний дараа комд орсон гэж мэдээлсэн юм. Тэрээр анафилактик шоконд орсон нь тодорхой болжээ. Бүсгүйг Тбилисид авчирч, шөнөдөө биеийн байдлыг нь хэвийн болгож чадсан ч баасан гарагт зүрх нь зогсчээ. Эмч нар бүсгүйг сэхээсэн боловч удалгүй амьсгал хураасан гэнэ.
Гүржид энэ сарын 15-наас эхлэн AstraZeneca-гийн вакцинаар вакцинжуулалт хийж байгаа юм. Одоогийн байдлаар зөвхөн эмнэлгийн ажилтнууд вакцинд хамрагдаж байна. Эхний 4 хоногийн хугацаанд 3300 гаруй хүнийг хамруулсан бөгөөд оны эцэс гэхэд хүн амынхаа 60%-ийг буюу 1,7 саяыг нь тарилгад хамруулж, сүргийн дархлаа тогтоохоор төлөвлөж байна.
Гүржид AstraZeneca-гийн вакцинаас болоод сувилагч комд орсон ч вакцинжуулалтыг зогсоохгүй гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан Э.Март