Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч Баян-Өлгий аймагт очиж ажиллажээ.

Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Энд 5 цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу буцжээ. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч Улаанбаатар хотод энэ сарын 16-нд очиж 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь 03 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарч маргааш нь буюу 10-нд орон нутгийг зорьжээ. Баян-Өлгий аймаг руу ороход нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна.

Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Эдгээр иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин 7 хоногийн дараа авах юм байна.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлж буйгаар тус аймагт одоогоор “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдээгүй.

 

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн