Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд эдгээрээс хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгийг байгуулж өгсөн нь монгол хүн эх орондоо чанартай сайн тусламж үйлчилгээг авдаг болоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Х.Кобаяши эрүүл мэндийн салбар нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой салбарын нэг бөгөөд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын мэндийн салбарт дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн цаашид ч төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллах саналтай байгаагаа илэрхийлээд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлын амаргүй үед Япон Улсын Засгийн газраас вирусийн эсрэг үйлчлэлтэй эм, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг үе шаттайгаар нийлүүлсэн нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг онцлоод, үүний зэрэгцээ вакцин худалдан авах болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэн худалдан авахад зарцуулах 21.6 сая ам.долларын хөрөнгийг Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох асуудлыг шийдвэрлүүлж өгсөнд Элчин сайдад талархал илэрхийлэв.
Хоёр үе шаттай хэрэгжих энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар-Эрүүл мэндийн яамны зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллах болохыг мэдэгдлээ.
Уулзалтын явцад талууд хамтран хэрэгжүүлсэн дээрх болон бусад арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, санал солилцлоо.
Эрүүл мэндийн яам