Гуравдугаар сарын 15-ны өдөр болсон хүчтэй шороон шуурганы улмаас ингэ олноороо ботгоо голсон нь өмнө нь болж байгаагүй тохиолдол болжээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин А.Жамъянлхагвагийн зургаан ингэ уг хүчтэй шуурганы дараа ботгоо голжээ.
Гэрийн эзэгтэй Д.Нэргүй: “Манай зургаан ингэ ботгоо голоод, нэгээс бусад нь одоо ботгоо аваад байна. Ботгонуудынхаа түйрэн шороог цэвэрлэж, хонуутаар аргадаж байж авахууллаа. Мийний аав ээж тэмээчин хүмүүс байсан болохоор би багаасаа тэмээний дэргэд өссөн хэрнээ ингэж олноороо ботгоо голж байхыг ер үзээгүй” гэж ярьсан юм. Малчин А.Жамъянлхагвагийнх Ханхонгор сумын хамгийн олон тэмээтэй айл бөгөөд одоо 20 гаруй ингэ ботголоод байгаа аж.
Ташрамд хүчтэй салхи шуурганы улмаас агаарт их хэмжээний түйрэн шороо дэгдсэн бөгөөд одоо ч Өмнөговь аймагт байнгын манантай байгаа гэнэ.
Эх сурвалж : Өмнөговь аймаг : МОНЦАМЭ