Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцээр хоёр ч удаа “зочилж” хуульчид болон нийгмийн сүлжээнийхний дунд ихээхэн шуугиан тарьж орхисноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Х.Баттулгаас өмнөх хэн нэгэн Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж их шуугиан тарин Үндсэн хуулийн цэцийг “дайлаар” мордож байсан түүх нэгээхэн ч үгүй юм. Олон улсад Ерөнхийлөгчөөсөө эхлээд захын улс төрч хүртэл Үндсэн хуулийн шүүхэд дуудагдаж л очдог, Үндсэн хуулиа зөрчсөн бол хариуцлагаа хүлээгээд гардаг болохоос ийнхүү “айлчилдаг” түүхийг хүн төрөлхтөн бараг мэдэхгүй юм. Тийм учраас дөхөж очих нь байтугай, дэргэдүүр нь өнгөрөөс ч дальдчих ёстой байгууллага бол улс төрчдийн хувьд Үндсэн хуулийн шүүх юм. Гэтэл манай Ерөнхийлөгч шууд л давхин очиж сүр хүчээ харуулснаас болж Үндсэн хуулийг зөрчсөн байж магадгүй асуудалд унасан. Цэцийнхний дургүйцлийг ч төрүүлсэн нь ойлгомжтой. Зарим нь түүнийг Цэцийн хараат бус байдалд нөлөөллөө хэмээн буруутгаж буй. Энэ нь үндэслэлтэй байсныг өчигдөр, уржигдар болсон цэцийг тойрсон үйл явдлууд тод харуулж орхив.
Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн тухай нэр бүхий иргэд мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр түүхэнд анх удаа цэцийн гишүүний энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу санал гаргасан гэх бөгөөд уг асуудлыг цэцийн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэж цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилсан байна. Ш.Цогтоогийн тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн, хүүхдээ Солонгост консулаар томилуулсан, төрөл бүрийн хурал, уулзалтад оролцож Ерөнхийлөгч болон намын өмнөөс улс төржсөн мэдэгдэл хийдэг, Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн харилцаатай тухай нийгмээр нэг шуугьчихлаа. Мэдээлэл гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Ш.Цогтоогоос татгалзаж байгаагаа мэдэгдэж, хүсэлтээ Цэцэд өгчээ.
Тэгвэл түүхэнд анх удаа дээрх саналыг гаргасан Батсүхийн Буяндэлгэр гэж хэн бэ. Тэрээр Дорнод аймгийн харъяат бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зарлигаар нэр дэвшиж, мөн сарын 24-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон юм. Түүнийг Цэцийн гишүүн болсны дараахан, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, магистр Х.Номингэрэл нарын хуульчдад захиалга өгөн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” хэмээх судалгааг хийлгэсэн байдаг. Тэрхүү судалгаанд “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшсэн боловч хууль зүйн мэргэжлийн ажил огт хийж байгаагүй ажээ. Тодруулбал, 1984-1989 онд Дорнод аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтэст референт, 1989-1991 онд Дорнод аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1990- 1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбоонд тэргүүнээр ажиллажээ. Хэдийгээр 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референтээр ажилласан гэх боловч энэ хугацаанд зарим улсын талаарх лавлагаа гаргасан гэх мэдээлэл байх бөгөөд Үндсэн хуулийн чиглэлээр дорвитой судалгаанд оролцсон гэх мэдээлэл алга байна” гэжээ. Үүнээс үзэхэд Үндсэн хуульд заасан цэцийн гишүүнд тавигдах хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлагыг хангаагүй хүн болох нь тодорхой байгаа юм.
Харин улс төрчийн хувьд, чамгүй өндөр “мэргэшилтэй” болох нь уг судалгаанд дурдсан мэдээлэл болон түүний улс төрийн замналаас тодорхой харагдана. Уг судалгаанд “Б.Буяндэлгэр нь ардчилсан дэглэмд шилжсэнээс хойшхи 28 жилийн 21 жилд нь буюу дийлэнх хугацаанд нь бизнес хийж байсан, 3 жилд нь аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. Эдгээр нь бүгд хуулийн мэргэжлийн ажил биш нь тодорхой. Мөн Дорнод аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан улс төрч бөгөөд одоо АН-ын идэвхитэй гишүүн. Зарчмын хувьд бол Цэцэд томилогдох хүн нь нэр дэвшихээсээ өмнөх дөрвөөс доошгүй жил улс төрийн албан тушаал хашаагүй байх хэрэгтэй байдаг, тэгж байж хараат бусаар ажиллана, тэгж байж итгэл төрүүлдэг” гэснээр энэхүү судалгааны Б.Буяндэлгэртэй холбоотой хэсэг дуусч хамт томилогдсон хоёр гишүүний тухай мөн дэлгэрэнгүй дүгнэжээ. Энэ нь түүний улс төрийн замналд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй байдалд оруулсан юм.
Анхаарууштай нь тэрээр, улс төрийн хамгийн “золбин” замыг туулсан байдаг бөгөөд өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн гэдэг нь улам тодорхой харагддаг юм. Тэрээр АИХ-ын чуулган дээр ач холбогдол бүхий биш гэхэд бараг үг хэлдэггүй депутат байсан нь түүхэн баримтаас тодорхой харагдаж байна. Харин олон эхнэр сольдог зуугуул эр мэт, олон нам дамжсан улс төрч байжээ. Б.Буяндэлгэр нь Монголын сэргэн мандлын нам байгуулагдахад анхны гишүүн нь болж уг намын АИХ дахь бүлгийн дарга байсан тухай депутат байсан нэгэн эрхэм ярьсан байдаг. Төд удалгүй энэ намаасаа гарч Нэгдсэн намын гишүүн болжээ. Учир нь үл мэдэгдэх шалтгаанаар хэсэг хугацааны дараа Иргэний зориг намд элсэж Дорнод аймгийн Иргэний зориг намын дарга болсон байна. Ингээд зогссонгүй Иргэний зориг намаа тарааж АН-д 2015 онд элссэнээр энэ намын гишүүн болжээ. Улс төрийн хувьд тогтсон үзэл баримтлалгүй, хэрж тэнэж явдаг хэрмэл нэгэн гэдэг нь эндээс харагдаж байна.
Өөр нэгэн маш хачирхалтай баримт түүний намтарт байдаг бөгөөд энэ талаар түүх нэгэнт “мартсан” байж болох ч шаргал хуудсандаа бэхжүүлэн үлдээжээ. Миний өмнө “Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн замнал” хэмээх баримтат, гэрэл зургийн ном дэлгээтэй байна. Энэхүү номын 292 дугаар хуудсанд нүдэндээ итгэхийн аргагүй нэгэн баримттай учирсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах 76 хоногийн нүсэр ажил дуусч, Үндсэн хуулийг бүхлээр нь батлах санал хураалтад оролцсон 460 депутатаас хоёр депутат түдгэлзсэн санал илэрхийлж, цорын ганцхан депутат татгалзсан санал өгсөн байдаг. Нийгмийн хөгжил дэвшилд шинэ эрин үеийг нээж, улс орноороо ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгосон шинэ Үндсэн хуулийг ийнхүү эцэслэн батлахад ганцхан хүн эсрэг санал өгсөн бөгөөд тэр нь өнөөгийн Цэцийн гишүүн, тухайн үеийн 188 дугаар тойргийн депутат Батсүхийн Буяндэлгэр байсан нь үнэхээр гайхширлыг минь төрүүлэв. Эсрэг санал өгчихөөд гудамжинд алхаж яваа бол олон ургальч үзлийн үүднээс магтъя гэхсэн. Гэтэл одоо, өөрийн Тань хамгаалж байгаа гэх Үндсэн хуулийг батлахад эсрэг санал өгсөн Та, түүнийг чандлан сахиулж чадах уу, тийм итгэл үнэмшил, чин сэтгэл Танд байна уу гэсэн асуултад үнэхээр эргэлзэж байгаагаа нуугаад яах билээ. Үнэхээр тэрээр чандлан сахиулж чадах уу гэдэг асуулт заавал тавигдана. Миний бие чадахгүй гэж итгэлтэйгээр бодож байгаа бөгөөд үүнийгээ баталъя.
Үүнтэй холбогдуулж түүний сүүлд хийсэн үйлдлийн тухай бодсоноо бичье. Тэрээр санал гаргасан гэх үйлдлээрээ Үндсэн хуулиа зөрччихлөө. Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн хоёрт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” гэж заажээ. Үндсэн хуульд ийнхүү заасан байгаа нь Б.Буяндэлгэр гишүүн зөвхөн Үндсэн хуульд л захирагдах ёстойг салаа утгагүйгээр хэлж байгаа хэрэг юм. Шууд утгаар нь хэлэх юм бол тэрээр санал гаргах эрхтэй мэт органик хууль дээр заасан ч гагцхүү түүнээс илүү хүчин чадалтай Үндсэн хуульдаа захирагдаж бусад гишүүнийхээ хараат бус байдалд халдахгүй байх үүрэгтэй юм.
Гэтэл тэрээр хуулийн дагуу мэдээлэл хүлээн аваад маргаан үүсгэсэн адил тэнцүү эрхтэй өөр нэг гишүүн Д.Солонгын хараат бус байдалд гагцхүү Үндсэн хуульдаа захирагдалгүйгээр “бүдүүлгээр” халдаж, Үндсэн хуулийн зөрчил гаргасан түүхэн дэх анхны Цэцийн гишүүн боллоо. Уучлал гуйгаад юм уу, бөөрөнхийлж хамгаалаад өнгөрөх асуудал биш шүү Цэцийн гишүүд, УИХ-аа! Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Хэн нэгэн иргэн мэдээлэл бичихэд л тэрээр огцрохоос өөр аргагүй болох юм. Нийгмийн идэвхитэй иргэд болон УИХ анхааралдаа авна биз ээ. Гагцхүү надад л захирагдах ёстой шүү гэж түүнд тусгаар тогтносон Монгол Улсын маань Үндсэн хууль хэлсээр байтал тэрээр Үндсэн хуульд захирагдахгүй түүний “захиас”-ыг зөрчиж нөгөө гишүүнийхээ хараат бус байдалд улс төрийн захиалгаар халдсан байна. Арга ч үгүй байж болноо. Яагаад гэвэл тэр анхнаасаа, бүр АИХ-ын депутат байсан тэр л цагаасаа эхлээд энэхүү Үндсэн хуулийг үгүйсгэж, уландаа гишгэж байсан нь тодорхой байна.
Б.Буяндэлгэр мөн өөрөө ч хараат бус байх зарчмаасаа ухарчээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очин “дарамталж”, өвгөн даргыг нь номхон зогсоон байцааж, Ц.Нанзаддоржоос эхлээд бүх гишүүнтэй уулзсан. Б.Буяндэлгэртэй ч уулзсан. Ерөнхийлөгч түүнийг дарамталж, шахсан бөгөөд энэ талын баримтууд аажмаар ил болох биз ээ. Цэцийн гишүүн Ш.Цопгоогийн “нээнтэг”-тэй адилхан нэгэн асуудал түүнд мөн бий. Б.Буяндэлгэр нь Шанхай хотын Фуданы их сургуульд суралцаж ирсэн (охин нь нүүр номондоо бичсэн) охин Б.Болорыгоо 2019 оны намар шууд Ерөнхийлөгчийн Тамгын газарт судлаачийн ажилд оруулсан бөгөөд түүний охиныг Ш.Цогтоогийн охины нэгэн адил гадаадад томилох амлалтыг Ерөнхийлөгч түүнд өгсөн байх ч магадлалтай юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний Тамгын газартай хувийн амьдралын хувьд шууд холбоотой, нөлөөнд нь автаж хараат бус байдлаа алдсан ийм нэгэн эрхэм Цэцийн гишүүнээр ажиллаж байна. Муу дээр муухай нь, тэрээр анхнаасаа Монголын ард түмний хийсэн ардчилсан сонголтын эсрэг зогсож, нийт ард түмнээрээ хэлэлцэн баталсан Үндсэн хуулийг эсэргүүцэгч байсан нь зэвүү, дургүй хоёрыг минь зэрэг хүргэж байгаа юм. Энэ л зангаараа асуудалд тэрээр ийнхүү ханджээ. Чухам ийм л но-той хүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүн болгосон байна. Энэ л хүнийг тэрээр өнөөдөр, “чамайг би Цэцийн гишүүн болгосон шүү” хэмээн нээнтэглэн “ашиглаж” байна. Ийм хүн цаашид Үндсэн хуулийг хамгаалж чадах уу? Б.Буяндэлгэр хэмээх энэ эрхэм, түүний дотно хүрээллийн талаарх бусад мэдээллийг түрдээ хойш тавья. Харин түүнд нэг л зүйлийг эртнээс сануулъя. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр гуай Та, эцэг хуулиа зөрчиж, бусдын хараат бус байдалд халдаж, өөрөө хараат бус байдлаа “худалдсан” байна шүү. Яаж бусад гишүүдийнхээ нүүрийг харж, цэцэд ажиллах вэ дээ! Одоо огцрох чинь л үлдлээ. Асуудал газар авч, өргөн хэлэлцүүлэг өрнөхөөс өмнө Огцор! Үндсэн хуулийн цэцийн дээр Үндсэн хууль тогтвортой заларч, мөнх хөх тэнгэр ивээж байх болтугай. Үгэнд Тань захирагдахгүй сөрж, Үндсэн хуулийн зөрчил гаргасан энэ нэгэн гишүүнийг “ниргэтүгэй!” Үндсэн хууль минь, Хөх тэнгэр минь!
Б.ИРЭЭДҮЙ