ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа “Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн” талаар хэллээ.
Тэрбээр “ Нийслэлийн хэмжээнд нийт 155489 иргэн вакцинд хамрагдаад байна. Дэлхийн улс орнуудад вакцинжуулалтын явж хүн амынхаа 2.9 хувийг хамарч байна. Монгол Улсын хувьд одоогийн байдлаар нийт хүн амынхаа 6.7 хувийг вакцинд хамруулаад байна.
Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд вакцины бүтэн тунгаа хийлгээгүй, бүрэн дархлаа тогтоогүй байх үедээ халдвар хамгааллын дэглэмээ бууруулснаар халдвар авсан байгаа. Халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Яармагийн эмнэлэгт хэвтүүлэн, “COVID-19”-ийн зохих эмчилгээг хийж байна. Эдгээр хүмүүст вакцины хоёр дахь тунгийн тарилгыг хийхгүй. Халдвар авсан иргэд эмчлүүлээд, бүрэн эдгэрснээс найман сарын дараагаар дахин хоёр тун вакцинд хамрагдана.
АстраЗенека вакцины давтан тунг 4-6 долоо хоногийн зайтай тарих заавартай. Гэхдээ олон улсад хийсэн сүүлийн үеийн судалгаагаар давтан тун хийх хугацааг 12 долоо хоног хүртэл хойшлуулснаар илүү үр дүнтэй гэх дүн гарсан байгаа. Тиймээс ЭМЯ-наас АстраЗенека вакцины хоёр дахь тунг эхний тунгийн тарилга хийгдсэнээс 8 долоо хоногийн дараа хийх шийдэлд хүрсэн. Синофарм вакцины хувьд давтан тунг нэг сарын зайтай хийх горим хэвээрээ үргэлжилж байна.” гэлээ.
Л.Баяр