ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа оролцож, сүүлийн үед нийслэлийн тодорхой байршлуудад хэрэгжиж буй өргөтгөсөн тандалт судалгааны талаар мэдээлэл өглөө.
Доктор А.Амбасэлмаа: Монгол Улс дэлхий дахинд “COVID-19” цар тахал бүртгэгдсэнээс хойш олон улсын авч хэрэгжүүлж байгаа болон өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, өвчлөл бүртгэгдээгүй үед авах хариу арга хэмжээ, халдвар зөөрлөгдөн орж ирсэн тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ, кластер өвчлөлийн үед ямар арга хэмжээ авах уу гэх зэргээр халдварын тархалтыг нэлээд хугацаанд барьж ажилласан.
Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн дүүрэгт халдварын эрсдэл өндөр байна. Халдварын эрсдэл өндөр байгаа байршлуудад хариу арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийслэлийн хамгийн олон хүн амтай, байшин хороолол ихтэй Баянзүрх дүүргийн 26-р хороонд сүүлийн 14 хоногт нийт 36 байршилд 54 тохиолдол бүртгэгдсэн. Энэ 54 тохиолдлын ойрын хавьтал 200 гаруй хүн байна. Сүүлийн үед өвчлөл огцом нэмэгдсэн байдлаас дүн шинжилгээ хийхэд халдвар авсан нэг хүний ард 3-4 хүн халдвар авах эрсдэлтэй байна. Тиймээс 54 хүний ард хэдэн хүн халдвар авах эрсдэлтэй гэдэг нь тодорхой харагдах болов уу. Ойрын хавьтлуудын 20 гаруй хувь нь халдварт өртөж байна. Тиймээс эдгээр эрсдэлээс сэргийлж, эрсдэл үүсгэхгүй, тухайн нутаг дэвсгэрт халдварыг бууруулахын тулд 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлээд өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж, богино хугацааны хөл хориог тогтоон ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн иргэд уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нийт шинжилгээнд хамруулбал зохих хүн амын 60 гаруй хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнөөдөртөө үлдсэн 40 орчим хувь нь шинжилгээндээ хамрагдана. Ингээд бид Баянзүрх дүүргийн 26-р хорооны зарим байр, орон сууц, гудамжуудад ариутгал хийнэ. Мөн 50-65 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг вакцинжуулах үйл ажиллагаа давхар зохион байгуулагдана. Тиймээс Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэдийг үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалъя” гэлээ.
Л.Баяр