Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.
Энэ цаг үед “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд баярын үеэр зохион байгуулагдах ажлуудын талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээс тодруулахад “Юуны өмнө эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсээр ирсэн үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо төлөөлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас түүхт ойг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж явуулсан. Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээнүүдийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг баярын арга хэмжээний хугацааг тухайн үед дахин зарлаж, олон нийтэд хүргэх болно.
Хэдийгээр дээрх ажил, арга хэмжээнүүд хойшлогдоод байгаа ч 3 дугаар сарын 18-ны өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол болон ёслолын буудлагыг тус тус зохион байгуулна” гэсэн юм.
Ахлах дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: ЗХЖШ