Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалтын 41 цэгт өчигдөр 15 748 хүнд вакцин тарьсан байна. Ингэснээр нийслэлд, нийт 155 489 хүн дархлаажуулалтад хамрагдсан тухай Шадар сайдын Хэвлэлийн алба мэдээлжээ.
Нийслэлд өнөөдрийн байдлаар, дархлаажуулалтын 41 цэгт 97 багийн 671 ажилтан ажиллаж байна.
Ташрамд дурдахад, манай улс эмийн бүртгэлдээ Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан “Астразенека”, БНХАУ-ын “Синофарм”, ОХУ-ын Спутник, АНУ-ын Файзер вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Манай улсад насанд хүрсэн нийт хүн ам буюу хоёр сая иргэнийг вакцинжуулахад дөрвөн сая тун вакцин шаардлагатай бөгөөд дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлснээс хойш “Астразенека” 164 мянга, “Синофарм” 300 мянга, “Спутник-V” 10 мянга, нийт 474 мянган тун вакцин импортлоод байна.
Засгийн газраас 3, 4 дүгээр сарыг дуустал нийслэлийн иргэдийг, 5, 6 дугаар сарыг дуустал орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн нийт хүн амдаа вакцин тарихаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Б.Эрдэнэ