Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын цахим уулазлт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед ч сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
“Спутник-V” вакцины эхний ээлжийн тунг хүлээн авч, иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Хамтын хүчээр цар тахлыг таслан зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын үйлдвэрлэл, худалдааны чуулга уулзалтуудад ОХУ-ын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах, Оросын томоохон хотуудад хамтарсан бизнес форум, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санал дэвшүүлэв.
Уулзалтаар худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэлээ.
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан бүтээлч ажил, арга хэмжээ хамтарсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нар онцлов.