Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.
Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив.
Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг.
Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
Мөн “Авто замаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ.
Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар