Хөвсгөл аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээхэд нийт долоон тохиолдол бүртгэгдлээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комисс хариу арга хэмжээг авч байна. Халдвартай нь батлагдсан долоон иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэсэн байна.
Одоогоор ойрын болон дам хавьтал гэх 300 орчим хүнд тандалт хийж байна. Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, сургуулийн дотуур байрныхан зэрэг 500 гаруй хүний нэрсийн жагсаалтыг гаргаж шинжлэх шаардлагатай байгаа юм. Үүнд тодорхой баг томилж, тус суманд ажиллуулна гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хөвсгөл аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлах мөн энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн юм.
Л.Баяр