Газар шорооны болон суурь угсралтын ажил нь хөрсний нөхцөл, шинж чанар, газрын байрлал, ханын бүтэц, барилгын шийдлээс шалтгаалан янз бүр байдаг. Эдгээрийг барилга бүтээцийн зурагт тодорхой заасны дагуу гүйцэтгэнэ. Хөрсөө ухаж эхлэхээсээ өмнө гадаргын тэгш байдлыг ажиглаарай. Тэгш гадаргатай бол шууд ухах боломжтой. Харин налуу байвал өндөр талаас нь эхэлж ухан нам талд нь шороогоо овоолно. Дараа нь энэ шороогоо газраа тэгшлэхдээ ашиглах боломжтой.
Суурийн өргөн уртыг барилгын зурагт тусгагдсан хэмжээгээр газар дээр буулгахын тулд тэг тэнхлэг буюу улаан шугамаа татна.Татсан улаан шугамны тань булангийн өнцөг 90 градус байх ёстойг анхаараарай. Тэг тэнхлэгийг татахад геодезийн багаж болох теодолитыг ашиглавал тохиромжтой. Шалган тогтоох боломжгүй тохиолдолд Пифагорийн теоремын аргаар тодорхойлох буюу 90 градустай том хэмжээний гурвалжин модон шугамыг ашиглаж болох ба өнцгийн нэг талыг Зм, нөгөө талыг 4м гэж авбал хоёр цэгийг холбох шугамын урт 5м болно гэсэн үг юм.
Газар шорооны ажлыг эхлэхийн өмнө барилга барих талбайг цэвэрлэж газрын дээд өнгөн хөрс ургамлын үеийг /15-20см зузаантай/ барилгын хэмжээгээр хусаж аваад нэг дор 1-1.2 м өндөр байхаар овоолон хадгална. Хөрсний энэ үе нь барилгын суурийг гэмтээж муутгадаг учраас барилгын суурьт эргүүлж хэрэглэх шороонд хэрэглэдэггүй ба ялзмагаар элбэг байх тул хүнсний ногоо, мод, бут сөөг тарих талбайд ашиглах боломжтой.
Газар шорооны ажлыг гар ба механизмаар гэсэн үндсэн 2 аргаар гүйцэтгэдэг ба дороо зоорь, гарашгүй бол хөрсөө гараар ухвал тохиромжтой. Хэрэв таны сууц тэг давхартай бол хөрсний ухалтаа бидний нэрлэж заншсанаар универсал механизмаар ухуулах нь зохимжтой ба ёроолын 20 см зузаантай хөрсийг гараар ухах хэрэгтэй. Учир нь хөрсний нягтрал суларсан байдаг тул суурийн чанарт сөрөг нөлөөтэй байдаг.
Газар шорооны ажилтай хамт бохирын худаг, худгийн гаралтын шугамыг холбож өгөх хэрэгтэй. Мөн та амины орон сууцандаа бохирын систем суурилуулахаар шийдсэн бол газрын гүний хөлдөлтийг марталгүй тогтоолгоорой. Учир нь бохирын шугамаа хөлдөлтийн гүнээс доогуур ухахгүй бол өвлийн цагт хөлдөх гэх мэтийн асуудлууд тулгарах болно. Манай орны хувьд ихэнхдээ хөлдөлтийн гүн 1,4-2,2м орчим байдаг.
Мөн цэвэр усны эх үүсвэрийг гүний худгаар шийдсэн бол барилга дотроо цэвэр усны судлын хайгуул хийлгэж үзэх хэрэгтэй. Хэрэв барилга дотроо илэрвэл газар шороо, суурийн ажлын өмнө өрөмдлөг хийвэл илүү амар байдаг.
Илүүдэл шороо нь овойлтгүй, хөлдүү биш шаардлага хангаж байвал суурийг цутгаж, ус чийг тусгаарлагчийг хийсний дараа суурийг эргүүлж булахад ашиглана.
Эх сурвалж:aoc.mn