Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ХӨСҮТ-д үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэрээ мэдээлэл өгөхдөө “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээ авах, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгч нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь хоёр гурван удаа шинжилгээ өгөөд эерэг гарч байна. ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын нэг. Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна” гэсэн билээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдрийн ЭМЯ мэдээллийн үеэр “Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид үүнийг маш чухалчилж авч үзэн нягтлан шалгаж байгаа. Хэрвээ энэхүү мэдээлэл үнэн болох нь баримтаар нотлогдвол тухайн ажилтанд бид байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна” гэж хэллээ.
Л.Баяр