Гуравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 32 компани ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж, нийт 138.1 тэрбум төгрөг олгох хүлээлттэй байна.
Үүнээс “АПУ” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 95 төгрөгийг тооцон 101 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилж байна. Энэ нь нийт ногдол ашгийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байгаа юм.
Мөн “Гутал” ХК нэгж хувьцаанд 1120 төгрөг тооцон нийт 1.7 тэрбум төгрөгийг олгоно. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээний хувьд хамгийн өндөр байгааг биржийн мэдээллээс харж болохоор байна.
Үүнээс гадна нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөжөөр “АСБИ” ХК-ийх 16.94 хувь буюу хамгийн их байгааг “Marketinfo” тооцоолсон байна. Салбараар нь харвал технологид суурилсан санхүүгийн үйлчилгээтэй болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарын компаниудын ногдол ашиг болон өгөөжийн хэмжээ өндөр байгааг онцоллоо.
Мөн энэ онд эрэлттэй байх төлөвтэйг тодотгож байлаа. Учир нь цар тахлын үед эдгээр салбарын компаниуд гол үзүүлэлтүүдээ хадгалж байгааг тодотгосон юм. Харин уул уурхайн салбарын хувьд бага зэрэг буурах хандлагатай байгааг мэдээлж байна.
Монголын Хөрөнгийн бирж