Манай улс өнгөрсөн 7 хоногт 43.7 мянган тонн малын тэжээл импортлоод байна. Тодруулбал, ХХААХҮЯ хаваржилт хүндрэх аймгуудын малчдыг дэмжих үүднээс малын тэжээл импортлох гэрээг 83 ААН-тай хийсэн юм. Гэрээгээр хивэг 23.7 мянга, хорголжин 23.5 мянга, овьёос 15.6 мянган тонн, эрдэнэ шиш 5.5 мянга, арвай 2.0 мянган тонн, шар буурцгийн шахдас 5.5 мянган тонн, тэжээлийн улаанбуудай 36.6 мянган тонн, премемикс 0.8 мянган тонн, бусад төрлийн тэжээл 19.9 мянган тонн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байгаа нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувь болж байна.
Салбарын яам малын тэжээл импортлох гэрээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-наас энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл хийжээ. Гэрээ байгуулсан ААН-үүд дунджаар нэг тонн хивгийг 640 000 төгрөг буюу 25 кг шуудайтайг 16 000 төгрөгөөр, нэг тонн хорголжин тэжээлийг 660 000 төгрөг буюу 40 кг шуудайтайг 26 400 төгрөгөөр, нэг тонн овьёосыг 743 750 төгрөг буюу 40 кг шуудайтайг 29 750 төгрөгөөр худалдаж байна. Ингэснээр хивгийн үнэ 8-10.9 хувиар буурчээ.
Малын тэжээлийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтоор халдвар хамгааллын дэглэмийн дагуу оруулж ирж байна. Дээрх боомтуудаар 3000 тонн тэжээл импортолно. Ингэснээр баруун аймгуудын тэжээлийн үнэ буурч, хангамж нэмэгдэх боломж бүрджээ. Тэжээл импортолж буй ААН-үүдэд тэжээлийн нөөц хуримтлагдаж эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.