1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) гишүүн улсууд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангаж, …хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд хангахад онцгой анхаарлаа хандуулж ажиллах, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт зайлшгүй шаардлагатай болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн байдаг.
Энэ бүхэнтэй уялдуулан Засгийн газраас 2018 онд хамтарсан тушаал гаргаж энэ өдрийг “Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 2019 онд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол 2020 онд хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн болгон өрнүүлж байсан юм.
Цар тахлын улмаас өнөөдөр ч хүүхэд багачууд танхимын хичээл сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа тул эцэг эхчүүдийг хүүхдээ хамгаалах, аюулүй байдалд нь анхаарал хандуулахыг дахин уриалж байна. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр нэг жилд 35 мянган хүүхэд ахуйн осол гэмтэлд өртдөг бол 350 хүүхэд мөн энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Тиймээс энэ эрсдлээс хамтдаа сэргийлэхийг эцэг эхчүүд та бүхнээс хүсье.