Европын хэд хэдэн улс AstraZeneca-гийн коронавирусийн вакциныг хэрэглэхээ зогсоосонтой холбогдуулан тус компаниас энэ сарын 14-нд мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлдээ “AstraZeneca-гийн вакцин бөглөрөл үүсгэж байгаа асуудлаар сэтгэл түгшээсэн мэдэгдлүүд гарч байгаатай холбогдуулан шинжлэх ухааны нарийн мэдээлэл дээр тулгуурласан COVID-19 өвчний эсрэг вакцин аюулгүй гэдгийг батлахыг хүсэж байна” хэмээн тэмдэглэжээ.
Өнөөдрийн байдлаар Европын холбоо, Их Британид 17 сая гаруй хүн AstraZeneca-гийн вакцин тариулснаас гуравдугаар сарын 8-наас өмнө вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд венийн гүнийн судасны бөглөрлийн 15, уушгины артерын бөглөрлийн 22 тохиолдол бүртгэгджээ.
“Энэ бол вакцин хийлгэсэн хүмүүсийн дотор хэвийн нөхцөлд хүлээгдэж болохоос хамаагүй бага үзүүлэлт” хэмээн компаниас тэмдэглээд, хүмүүсийн аюулгүй байдал тэдний хувьд тэргүүн эгнээнд гэжээ.
Норвеги, Дани, Австри болон Европын холбооны бусад оронд тарилгад хамрагдсан хүмүүсийн дунд цусны бөглөрөл гарсны дараа Британи-Шведийн AstraZeneca компанийн вакцины хэрэглээг зогсоосон юм. Харин Итали улс AstraZeneca иргэдийн эрүүл мэндэд аюултай гэсэн мэдээлэл одоогоор алга байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март