Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 2 сард 476.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны эхний 2 сард 456.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.3 (6.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд:
- тэтгэврийн даатгалын сангийн зарлага 35.8 (10.5%) тэрбум төгрөгөөр,
- тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 1.3 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний 2 сард 2.1 (давхардсан тоогоор) сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 95.0 (4.6%) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 215.1 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо