Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлж барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос баригдаж эхэлнэ.
Энэхүү төсөлд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад хайгуул хийгдсэн талбай хамрагдах юм.
Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот 4 сумын 1048 өрхөд нийтдээ 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь, Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хүнсний ногооны механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 3,2 сая еврогийн санхүүжилтээр 35-82 морины хүчин чадалтай трактор 132 ширхэг, хүнсний ногооны зориулалттай тоног төхөөрөмж 330 ширхэгийг тус тус нийлүүлж, ногоочиддоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.
Мөн Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35 морины хүчтэй трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хамт 30 иж бүрдлийг нийлүүлнэ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр хүнсний ногооны 600 гаруй га талбайн гар ажиллагааг механикжуулах юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ