ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дараах асуултад хариуллаа.
-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс гэртээ гараад өөрийгөө 7 хоног тусгаарласны дараа нийгмийн харилцаанд орж байгаа. Тухайн хүн бусдад халдвар тараах эрсдэл байгаа юу?
-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг дунджаар 14 хоног ажиглан эмчилж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. 14 хоног байлгаж байгаа нь эмнэл зүйн жамыг бүрэн гүйцэд явуулж тухайн хүнийг халдваргүй болсны дараа эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гараад 7 хоног тусгаарлагдсаны дараа тухайн хүнээс PCR шинжилгээ авахад хариу эерэг гарч болно. Энэ нь тухайн хүний өвчтэй байгааг илэрхийлэхгүй. PCR шинжилгээ нь цусанд байгаа үржих, бусдад халдварлах чадваргүй вирусийн хэлтэрхийг ч илрүүлэх чадвартай, маш мэдрэг, өндөр түвшний шинжилдэг. Эдгэрсэн хүмүүсийн цусанд үржих, халдварлах чадваргүй вирус 14-21 хоног эргэлдэж байдаг. Тиймээс эдгэрээд гарсан хүмүүсийг шинжилгээ хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Үүнийг ойлгож ААН-үүд эмнэлгээс эдгэрээд гарсан хүнээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй байх хэрэгтэй.
-Коронавирусийн халдварыг хүнд болон хөнгөн туссан иргэн хэдий хугацааны дараа вакцинд хамрагдаж болох вэ?
-Коронварусийн халдвар аваад эдгэрсэн хүний цусанд эсрэг бие үүссэн байдаг. Олон улсад мөрдөгдөж байгаа журам зааврыг харахад халдвар аваад эдгэснээс хойш ерөнхийдөө зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.
-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал ямар хариуцлага хүлээх вэ?
-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал яаралтай мэдэгдэх журам нь 2017 оны Эрүүл мэндийн сайдын А527 тоот тушаалын дагуу зохицуулагдаж явна. Вакцин хийлгэсний дараа иргэнд хариу урвал илэрч болно. Хариу урвал хүндрэл байдлаар үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандан хариуцсан эмч мэргэжилтнүүд дээд шатанд мэдэгдэж явна.
Л.Баяр