Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр иргэн А-ийн хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэн А нь гэртээ хоёр ширхэг цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар цоохор ирвэс нь нэн ховор амьтны ангилалд багтдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Сонгинохайрхан дүүргийн прокурор