УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд коронавирусийн эсрэг вакцины асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Иргэдэд нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Вакцин хийснээс хойш 40-өөд хоногийн дараа дархлаа сайн тогтож байгаа учраас түүнээс наана халдвар авч, вакцины чанар муудах асуудал үүсэх эрсдэлтэй. Тийм учраас иргэд дархлаажуулалт эхэлсэн, вакцин хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ барихгүйгээр олон нийтийн газар явж тайвширч болохгүй. Хөл хорио цуцалж, дархлаажуулалт эхэлснээс хойш иргэд тайвширснаас үүдэж өнөөдөр халдварын тоо эрс нэмэгдэж байна.
Тиймээс дархлаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор халдварын эрсдэлийн түвшинг улбар шар бүс рүү оруулах, энэ хүрээнд олон нийтийн газруудыг 21.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зэрэг асуудлаар УОК-ын даргатай уулзана. Халдварын хурдыг бууруулах зорилгоор ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Гэхдээ бүтэн хөл хорио биш гэдэг тал дээр саналаа хэлнэ. Дархлаа тогттол хугацаа шаардлагатай тул тайвширч болохгүй гэдгийг иргэддээ анхааруулъя гэлээ.
Л.Баяр