Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан. Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, энэ долоо хоногоос вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана.
Вакцин бүр өөрсдийн гэсэн технологиор үйлдвэрлэгдсэн, өөрсдийн үйлчлэх механизмтай. Бүх вакцин хүний дархлааны системийг өдөөж байгаа учраас халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэг газар хөндүүрлэх, улайх, жихүүдэс хүрэх гэх мэт шинж тэмдэг түгээмэл илэрдэг. АстраЗенека вакцины хувьд гэхэд 10 хүн тутмын нэгээс дээшид ийм шинж тэмдэг илэрсэн.
Бусад вакцины хувьд ч төстэй шинж тэмдэг илэрнэ. Вакцины заавар дээр тэр бүрийг бичсэн байгаа тул иргэд харах боломжтой. Эрүүл хүний дархлааны систем хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хариу урвал үзүүлэхгүй байна гээд та эрүүл бус гэсэн үг биш. Хүн бүрийн дархлааны систем, үзүүлэх хариу урвал өөр. Хариу урвал түгээмэл, энгийн зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа хоёр дахь тунг хийлгэх вэ?
-АстраЗенека вакцины хувьд хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж заасан. Хятадын Синовак вакцины хувьд дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн зайтай тарихаар байгаа. Эхний тунг хийлгэснээр таны бие вирусийг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусээс хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэсний хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Гэхдээ бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Гэхдээ өөрөө өвдөхгүй ч
бусдад халдвар тархаах боломжтой байж магадгүй. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй.
-Вакцинаа хийлгэсний дараа хэдий хугацаанд биеэ ажиглах вэ?
-Эмч тухайн хүнийг үзээд, биеийн байдлыг үнэлнэ. Вакцины эсрэг заалтгүй гэж үзвэл вакцин тарина. Хүлээх өрөө буюу ажиглах хэсэгт багадаа 15 минут байж, ямар нэг гаж нөлөө, хариу урвал гарах эсэхийг эмч ажигладаг.
Судалгаанаас харахад, гаж нөлөө, хариу урвалын 90-ээс дээш хувь нь 15 минутын дотор илэрч байгаа. Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, зарим тохиолдолд бөөлжих, дотор муухай оргих, тарьсан газар өвдөх, улайх шинж тэмдэг түгээмэл буюу 40 хүртэлх хувьд илэрнэ. Харин энэ урвал гурваас олон хоног үргэжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ер нь бол судалгаагаар хоёр хоногт хариу урвал арилж байгаа.
-Зарим иргэн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Энэ иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Монгол Улс вакцинжуулалтын 100-гаад жилийн түүхтэй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт буюу вакцинжуулалт. Вакцинд аль болох олон иргэнээ хамруулж байж бид эргээд хэвийн амьдралдаа шилжинэ. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.
-Иргэд хэрхэн вакцинжуулалтад хамрагдах вэ?
-Зорилтот бүлгүүдээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Мөн эрүүл мэндийн салбар болон үйл ажиллагаа нь зайлшгүй явах шаардлагатай аж ахуйн нэгж салбарын хүмүүсээ эхний ээлжинд вакцинжуулж байна. 50-аас дээш насны болон архаг суурь өвчтэй хүмүүс өвчлөл хүндэрч, нас барах эрсдэл өндөр байна. Иймээс энэ иргэдээ эхлээд вакцинжуулах хэрэгтэй. Хүн болгоны ээлж ирнэ. Тэгэхээр иргэд ээлжээ тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Хэрэв та байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий түвшний хүн бол вакцин хийлгэсэн ажилтандаа маргааш өдөр нь чөлөө олговол вакцины үр нөлөө сайнаар гарахад нөлөөлнө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС