Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болж, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав.
Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс