Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийг маргаашаас арилжааны банкууд олгож эхлэхээр боллоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Монголбанк нийтдээ гурван чиглэлд эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллана.
Нэгд, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас олгож эхэлсэн репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, үргэлжлүүлэхээр болсон.
Хоёрт, ипотекийн зээлийн хүртээмж, санхүүжилтийг нэмнэ. Ингэхдээ одоо олгож байгаа хэмжээг хоёр дахин нэмж, 2021 онд 700 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно.
Гуравт, ажлын байрыг дэмжих хүрээнд арилжааны банкууд Төв банкны үнэт цаасанд байршуулсан чөлөөт эх үүсвэрийг бага хүүтэйгээр /гурван хувиар/ аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг зохион байгуулалтад оролцож, хамтран ажиллана.
Банкуудад долоон хувийн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлээд явна. Энэ зээлд хоёр их наяд төгрөгийг хуваарилах бөгөөд жилийн гурван хувийн хүүтэй, нэг жил үндсэн төлөлтөөс чөлөөлөх нөхцөлтэй байна гэлээ.
Л.Баяр