Монголыг дэлхий дахинаа таниулан сурталчлах ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран хийхээр болж, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх уулзалтыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулжээ. Азийн цээжинд орших Монгол Улсыг дэлхий дахинд Чингис хаанаар гадарлах биш түүх, соёлоо илүү таниулан сурталчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Жил бүр холбогдох яамдууд гадаадын олон оронд Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн, уулзалт арга хэмжээ зохион байгуулдаг ч нэгдсэн бодлогоор хандаж байгаагүй гэж дүгнэжээ. Нөгөөтэйгүүр, тавдугаар сарын 1-нээс хилээ нээж, долоодугаар сард Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг нээхээр төлөвлөөд байгаа юм байна.
Тиймээс БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Соёлын яам цаашид тусгаар Монгол Улс, бусдаас ялгарах, нэгдсэн сурталчилгааны богино, дунд урт хугацааны стратeги төлөвлөгөөтэй ажиллахаар болжээ.
Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: “Цаашид бид цахим технологи, нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухааны давуу талыг ашиглаж, зөв, үр дүнтэй сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаануудыг нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Монгол Улсын аялал жуулчлалын хувьд нүүдлийн аж ахуй, уламжлалт соёл, түүх нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол ялгарал, давуу талыг бий болгодог. Энэ ч утгаараа Монгол наадмыг үзэх гэж жил бүрийн долоодугаар сард 100 гаруй мянган жуулчид Монгол Улсад аялдаг, мөн нүүдлийн соёл, ахуйг сурталчлах, өвлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгждүүлэх чиглэлээр Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, эсгийн баяр зэрэг 40 гаруй арга хэмжээг БОАЖЯ-наас зохион байгуулж байна.
Цаашид эдгээр арга хэмжээний менежтентийг сайжруулах, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр Соёлын яамтай нягт хамтран ажиллах саналтай байна. Өнөөдрийн хурал бидний нэг ойлголттой, нэг зорилготой хамтын ажиллагааг бий болгоход чухал үр дүнг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Эх сурвалж : БОАЖЯ