Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хаалттай хорих 401-р ангид ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээтэй уулзсан байна. Т.Чимгээг эрүүдэн шүүж, аргагүй байдалд оруулан хэрэг хүлээлгэж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд өөрийн Г.Чимгээтэй уулзлаа. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр бол Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлаар хүнийг эрхийг зөрчсөн талаар дүгнэлтүүдийг сонсож, Засгийн газрын тэргүүний хувьд өнөөдөр Т.Чимгээтэй уулзлаа. Өнөөдөр би шүүхийн шийдвэр зөв, буруугийн асуудлыг ярихгүй. Тийм эрх ч гүйцэтгэх засаглалд байхгүй. Хамгийн гол нь шүүн таслах үйл ажиллагаанууд нь хүний эрх, хууль зөрчсөн асуудал байгаа юм. Энэ нь Засгийн газрын шууд харьяанд байдаг зарим байгууллагад хамаарна. Ийм учраас Т.Чимгээтэй уулзаж, зарим асуудлыг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой асуудал байгаа учраас бүх зүйлийг ярих боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим асуудлыг тодруулах, хэвлэлийнхэнд дахин цэгцтэй ойлголт өгөхөөр болон. Зарим шаардлагатай баримтуудыг нууцаас гаргахаар болсон. Гэхдээ Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр гаргана. Сая уулзахад зарим нууцтай холбоотой асуудлыг ил гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн гэлээ.
Л.Баяр