Социалист нийгмийн өмнөх үед Монголын ихэнх эмэгтэйчүүд нүүдлийн малчин амьдралаар амьдарч, цөөн эмэгтэйчүүд суурин газар буюу Хүрээнд аж төрж байв. Хүрээнд амьдарч буй эмэгтэйчүүд хөдөөний эмэгтэйчүүдээс ажил хөдөлмөр, амьдрах хэв маяг, ахуй орчны хувьд өөр байсан бөгөөд гоёмсог орд, өргөөд сууж, тансаг амьдрах хатан, авхай нар байхад зах дээр эмээл, малгай, бурхны эд зүйлс худалдаалах болон түлээ түүж зарж өдрийн амьдралаа залгуулах эмэгтэйчүүд ч байв. Мөн ордны шивэгчин, үйлчлэгч, асрагч болон оёдолчин, шаглаачин, хатгамалч гэх зэрэг ажил хөдөлмөрөөр Хүрээний эмэгтэйчүүд ялгарч байв. Тухайн үеийн нөхөрт гарсан бүх эмэгтэйчүүд үсээ жилийдэж, нисч буй шувууны хэлбэртэй болгож засдаг байв. Хүрээн дэх язгууртны хатан, баячуудын эхнэрүүд эрх ямба болон өмсгөл зүүсгэл, шүр, сувд бүхий гоёл чимэглэл, эд материалаар өөр хоорондоо өрсөлддөг байв. ХХ зууны эхэнд Хүрээнд гэрэл зургийн газрууд нээгдсэнээр тэд гол үйлчлүүлэгчид болж, гэрэл зураг авахуулах нь тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Социалист нийгмээс өмнөх үеийн Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь бичиг үсэггүй, улс төрийн эрх мэдэлгүй, тухайн нийгмийн хөгжлийн хоцрогдлоос шалтгаалж нийгмийн суурь тусламж үйлчилгээг авах боломжгүй байв.
Хүрээ хүүхнүүд
Худалдаа хийхээр зах руу явж буй Халх эхнэр, Их хүрээ, 1898 он, гэрэл зургийг А.А.Лушников
Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он
Хүрээний монгол авхай нар, 1910-аад он
Хүрээний их зах дээр үхэр эмээллэж худалдаа хийхээр ирсэн хижээлдүү Халх эмэгтэй. 1910-аад он
Хүрээ гангачуул
Хүрээ эхнэр. 1910-аад он. Нийслэл хүрээ. 1910-аад он. Гэрэл зургийг А.Д.Щапов
Модон хашлагатай байшингийн гадна орой дээрээ шилэн шигтгээ, мөнгөн гоёлогтой үстэй сээтэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, дөрвөлжин энгэртэй, торгон богино ууж, ботгон мөртэй, алхан хээтэй эмжээртэй ханцуйвч, булган цомбон нударгатай хатан сүйх хээтэй, гурван эмжээртэй торгон дээл, монгол гутал өмссөн залуу эмэгтэй хивс дэвсэж хажууд нь дугуй цаг тавьсан эрээн бүтээлэгтэй ширээний дэргэд матмал модон сандалд сууж ялимгүй жишүү харан зургаа татуулжээ.
Нийслэл хүрээний хатад, Зүүн гар тал дахь эмэгтэй нь Шүүх яамны сайд Намсрай вангийн хатан, баруун гар талын эмэгтэй нэр тодорхойгүй. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар
Орой дээрээ чулуун шигтгээ, мөнгөн гоёлог, эрдэнийн чулуун нүдтэй дүгрэг хилэн малгай тавьсан, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, хацартаа энгэсэг тавьсан, баруун, зүүн гарын долоовор, ядам хуруундаа алтан бэлзэг зүүж, хоргой ханцуйтай, салбан нударгатай, торгон дээл, 32 угалзтай монгол гутал өмссөн энэ эмэгтэй бол Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, жүн ван М.Намсрайгийн хатан (нэр нь тодорхойгүй) юм. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар
Нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн хөрөг. Нийслэл хүрээ, 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар
Нийслэл хүрээний чинээлэг хатад европ хийцийн морин тэрэг хөлөглөдөг байв. Нийслэл хүрээ. 1910-аад он.
Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он
Халх эхнэр, хүүхдүүд. 1910-аад он
Нийслэл хүрээнд хэд хэдэн гэрэл зургийн газар байсан бөгөөд тэдгээрийн зарим нь гэрэл зургийн явуулын үйлчилгээ үзүүлж, ноёд, хатдын зургийг гэрт очиж авдаг байв.
Хүрээний эмэгтэйчүүд, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар. 1910-аад он
Энэ зургаас Хүрээний эмэгтэйчүүдийн тухайн үеийн хувцаслалт, өмсгөл зүүсгэл, төрх байдлыг харж болно. Хүрээнд анх гэрэл зургийн үйлчилгээ ноёд, язгууртан, баячуудын дунд нэвтэрч, тансаг хэрэглээ болж байв. Эдгээр гэрэл зургууд өдгөө тухайн
Хүрээний хатад, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар, 1910-аад он
Богдын шар ордны өмнөх шөргөн хашааны дэргэд зогсож буй Халх эхнэр, Нийслэл хүрээ, гэрэл зургийг Стефан Пассе, 1913 оны VII сар
Аргал түүж байгаа монгол эмэгтэйчүүд, ХХ зууны эхэн
ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ / ULAANBAATAR CITY MUSEUM