Хүн төрөлхтний түүхэнд анхны төрт улсыг үндэслэн байгуулж, хүчирхэгжүүлэн мандуулж, өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчуудын аугаа их эзэнт гүрнийг эмхлэн байгуулахад хатан ухаант эрэлхэг дайчин бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.
• 2006 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд манай улсын 800 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь НҮБ-ын шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улсаас нийт энхийг сахиулагчдын тоогоор 26, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17, нэг хүнд ноогдох энхийг сахиулагчдын тоогоор манай улс Ази тивдээ тэргүүлж байна.
• Хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч бол ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал юм. Тэрээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын Баруун Сахар дахь MINURSO энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатай цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн.
• Тэр цагаас хойш Баруун Сахар дахь MINURSO, БНӨСУ-ын Абией мужид явагдаж буй НҮБ-ын UNISFA ажиллагаанд нийт 34 эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн ажиглагчаар, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдаж буй UNAMID, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны Хүчний төв штаб болон бусад оронд 22 эмэгтэй цэргийн алба хаагч штабын офицерын үүргийг гүйцэтгээд байна.
• Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт цэргийн алба хаагчийн 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувийг тус тус эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж байна.
• НҮБ-ын Энхийн ажиллагааны газар (DPO)-ын Цэргийн харилцааны хэлтэст Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2015 онд анх удаа дэд хурандаа цолтой мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэхээр томилогдсон офицер нь хурандаа Г.Болор байв. Тэрээр одоо Тайванд суралцаж байна.
• НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын Энхийн ажиллагааны газар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг хандивлагч нийт улс оронд хүргүүлсэн. НҮБ-ын гишүүн орны хувьд уг тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй улсын нэг нь Монгол Улс юм.
• 2008-2011 онд Сьерра Леон Улсад явагдсан НҮБ-ын UNMIL ажиллагаанд 43 эмэгтэй цэргийн алба хаагч, 2010-2017 онд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ/АХ-ны хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн багт 238 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. UNMISS ажиллагаанд 2012 оноос хойш 431 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд яг одоо 54 эмэгтэй Африк тивд энхийг сахиулж байна.
• ИБНАУ-д ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хамгаалалтын ротын бүрэлдэхүүнд 2018 оноос 30 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Яг одоо 6 бүсгүй энхийг сахиулж байна.
Эх сурвалж: Соёмбо сонин