Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны хэлснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад Мэргэжлийн хяналтын газраас 626 байцаагч ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болохоор байна. Өнөөдрийн хувьд хоёр газар тоглолт болно. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтраад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Урлаг, соёлын тоглолтууд дээр Мэргэжлийн хяналтаас 44 байцаагч ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС