Түлэгдэлтийг эмийн эмчилгээнээс гадна мэс заслын эмчилгээ донор арьс нөхөх мэс засал хийдэг. Өмнө нь донор арьсыг гаднаас өндөр өртгөөр авдаг байсан бол одоо эх орондоо ЭМД-аас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломжтой боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Хүүхдийн түлэнхийн мэс засалд донор арьс нөхөх мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэх “Батламж”-ийг тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрахад гардуулав.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалтын журам баталж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.
Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн.
ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 5 хүртэлх насны нийт 11мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8387 нь ГССҮТ-өөр тусламж үйлчилгээ авсан байна. 2019 онд 1400 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 50-60 хувь буюу 600 орчим хүүхэд мэс засал эмчилгээнд ордог. Түүний дийлэнх хувь нь хүнд түлэгдэлтээр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлдэг аж.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэлт нас баралтын гол шалтгаанд түлэгдэлт шалтгаан нэн тэргүүнд бичигддэг байна. Түлэгдэлт нь бага насны хүүхдийн амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.
Б.Эрдэнэ