Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ болон ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дархлаажуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас удаашралтай явж байгаа нь ямар шалтгаантай вэ. Багш нар хэзээ вакцинд хамрагдах вэ?
-ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: Монгол Улсын хувьд дархлаажуулалтын хүйтэн хэлхээ болон дархлаажуулах үйл ажиллагаа зохион байгуулах тогтолцоо харьцангуй сайн орон гэдгээрээ ДЭМБ болон дэлхийн бусад орнуудад жишиг болж явдаг. Манай улс 1995-1996 онд хоёр сая хүнээ дархлаажуулж байсан туршлагатай. ХӨСҮТ-ээс эхлээд аймаг, орон нутгийн сүм бүрд дархлаажуулалтын тогтолцоо сайн бүрдсэн. Тиймээс бид зорилтод бүлэгтээ “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг хугацаанд нь хийж дуусах нөөц бололцоо бэлэн байгаа. Манай улс богино хугацаанд нийт хүн амаа дархлаажуулахад хүн хүч, нөөц, хөрөнгө, тогтолцоо бэлэн байгаа.
-ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Эрэмбэлэлтийн дагуу эхний ээлжид тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн салбарынхан болон хариу арга хэмжээнд оролцож байгаа мэргэжилтнүүд вакцинд хамрагдаад явж байна. Дараагийн ээлжид үйл ажиллагааг нь хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай ААН, байгууллагын холбогдох ажилтнууд хамрагдана.
Дархлаажуулалт удааширч байгаа нь вакцин хийлгэж байгаа хүмүүсийг зай бариулах зэргээр халдвараас хамгаалах дэглэм сахихтай холбоотой цаг хугацаа шаардагдаж байна.
Л.Баяр