Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Хаванагийн Их сургуулийн захирал Мириам Никадотай өнөөдөр уулзжээ.
Уулзалтаар 2021 оны 6-8 дугаар сард Хаванагийн Их сургуульд монголын 15-20 багш, оюутныг эдийн засаг, хууль эрх зүй, түүх, биохимийн шинжлэх ухааны зуны сургалтад хамруулах төсөл хэрэгжүүлэхээр тохиров.
Мөн МУИС-д Хаванагийн Их сургуулиас испани хэлний багш урьж ажиллуулах гэрээний урьдчилсан нөхцөл болон 2022 оны хичээлийн жилээс биотехнологи, биохимийн магистрын зэргээр 15 монгол оюутныг mev сургах сургалтын агуулга, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын СЭЗИС, ШУТИС, Хаванагийн Их сургууль хамтран ажиллах санамж бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэхээр санал нэгдэв.
Хаванагийн Их сургуулийн ректор Мириам Никадо Элчин сайд Ш.Батцэцэгийг тус сургуульд Монгол, Кубын харилцааны сэдвээр ирэх 5 дугаар сард лекц уншихыг урьсаныг Элчин сайд талархан хүлээн авлаа. Мөн үеэр хоёр улс дипломат харилцааны 60 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээхээр болов.
1728 онд үүсэн байгуулсан Куба улсын ууган их сургуулийн нэг Хаванагийн Их сургууль нь 2021 онд гаргасан дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 498 дугаар байрт жагссан байна.
Гадаад харилцааны яам