Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хамрагдлаа.
-Завхан аймагт хоёр тохиолдол илэрсэн. Улаанбаатараас гарахаас өмнө шинжилгээ аваад илрээгүй юм уу?
-Завхан аймагт хоёр тохиолдол илэрсэн. Энэ хоёр хүний нэг нь хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатараас гараад 27-нд Завхан аймагт очсон байсан. Улаанбаатараас гарахдаа өөрийгөө халдвар авсан хүний ойрын хавьтал гэдгээ мэдээгүй явсан. Энэ хүнийг Завхан аймаг руу явсны дараа буюу хоёрдугаар сарын 27-нд хамаатных нь хүнээс халдвар илэрсэн. Тиймээс энэ хүнийг нэгдүгээр хавьтал гэдгийг тогтоогоод, Завхан аймагтай холбогдож түргэвчилсэн шинжилгээ авсан. Тухайн хүний ойрын хавьтал 11 хүнийг тусгаарлаад байна.
Мөн Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод ирээд гуравдугаар сарын 2-нд шинжилгээ нь батлагдсан. Энэ хүн буяны ажилд оролцохоор Улаанбаатарт ирсэн байсан. Улаанбаатарт байгаа ойрын хавьтлыг нь бүгдийг илрүүлсэн. Өнөөдрийн 42 тохиолдлын 20 нь буяны ажилтай холбоотой хүмүүс байна. Нэг голомтоос илэрсэн гэсэн үг гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Л.Баяр