Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан хуулийн төслийн дэд ажлын хэсгийнхэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өдөр бүр хуралдаж байна.
Ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ, ЭМЯ, ХХААХҮЯ, ДЭМБ, АШУҮИС болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид багтсан бөгөөд хуулинд шинээр оруулах, нэмэлтээр тусгах саналуудыг зүйл, заалт тус бүрээр нэгтгэн боловсруулж, олон нийтээс https://lawforum.parliament.mn/draft/46/ холбоосоор нээлттэй санал авах юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хэрэгслийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалт оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгаад байна.
Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг заалтуудыг хэлэлцэж байгаа юм.
Б.Эрдэнэ